Буцах
2023-04-25

Криптовалютын цогц хууль батлагдав

АНУ-ын засаг захиргаа, крипто зах зээлийг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах чиглэлд ихээхэн сорилт, бэрхшээлүүдтэй тулгарч байгаа өнөө үед Европын холбооны орнууд энэ салбарт тодорхой ахицтай ажиллаж байна.

Тухайлбал, Европын холбооны орнууд дахь крипто салбарын харилцааг зохицуулсан цогц хууль “Крипто хөрөнгийн зах зээлийн тухай хууль” (Markets in Crypto Assets)-ийг Европын парламент 4 дүгээр сарын 20-ны Пүрэв гарагт үнэмлэхгүй олонхын саналаар батлав. Тус хуулийн зорилго нь хөрөнгө оруулагчдыг крипто хөрөнгөд эрсдэл багатайгаар хөрөнгө оруулах, нөгөө талдаа крипто биржүүд, койн, токен гаргагчид болон бусад тоглогчдыг ил тод, хариуцлагатай, тодорхой хяналтын хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжоор хангах ажээ. Мөн уг хуулийн дагуу хөрөнгө оруулагч, арилжаачид мөнгөө их хэмжээгээр татах үед бэлтгэлтэй байх үүднээс Tether, USDC гэх мэт стэйбл койнуудад зайлшгүй байлгах нөөц хөрөнгийнх нь хэмжээг тодорхой тогтоож өгсөн байна.

Түүнчлэн крипто зах зээлийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах үүднээс крипто зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эрчим хүчний зарцуулалтын тайлан болон хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийн тайлангаа гаргаж буй шаардлага оруулсан байна. Дээрх хууль нь ирэх жилээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд өнөөдрийн байдлаар крипто салбарыг бүхэлд нь зохицуулсан хамгийн анхны цогц хууль болоод байна.