Германы хамгийн том банк болох Deutsche Bank дижитал хөрөнгийн зах зээл рүү нэвтэрч буй энэхүү алхам нь тус банкны байгууллагын банкны салбарыг 2028 он гэхэд жил бүр тогтмол 8%-ийн өсөлттэй байлгах урт хугацааны стратегийн нэг хэсэг юм. Тус банк 2026 оны сүүлчээр хамгийн анхны дижитал хөрөнгө хадгалах (custody) үйлчилгээгээ Герман улсад албан ёсоор нээхээр бэлтгэж байна. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг авсны дараа тус банк ирэх 2027 онд уг платформоо Сингапур, Хонконг зэрэг Азийн санхүүгийн гол төвүүд рүү өргөжүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эхний ээлжинд тус платформ нь биткойн (BTC) болон этериум (ETH) зэрэг гол крипто валютуудаас гадна USDC, EURC зэрэг стэблкойнуудыг дэмжих бөгөөд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд сold storage буюу интернетгүй орчинд хадгалах ажээ.
Энэхүү үйлчилгээ нь жирийн иргэдэд буюу жижиглэнгийн арилжаа эрхлэгчдэд зориулагдаагүй бөгөөд зөвхөн хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн менежерүүд, брокерууд болон томоохон корпорацын харилцагчдад зориулагдсан байна. Крипто хадгалалтын бааз суурь бэлэн болсны дараа Deutsche Bank дараагийн шатандаа блокчейн технологи дээр суурилсан дижитал бонд гаргах, токенжуулсан хадгаламжийн (tokenised deposits) үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.