Буцах
2025-09-24

Зах зээлийн тойм, онцлох чиг хандлагууд

АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулснаа зарлав. Ингэснээр тус улсын бодлогын хүүгийн шинэ түвшин 4.00%-4.25% болж байна. Дээрх мэдээ нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон дохио өгч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан бөгөөд хөрөнгийн зах зээлд идэвх нэмэгдэж, эрсдэлтэй хөрөнгө буюу хувьцаа, криптовалютын ханшид эерэг нөлөө үзүүлэв. Биткойн болон этериум зэрэг голлох криптовалютууд богино хугацаанд өсөлттэй арилжигдаж, институцийн хөрөнгө оруулалт нэмэгдэх дохио харагдаж байна. Мөн алт зэрэг уламжлалт “аюулгүй хөрөнгө”-ийн үнэ ч тодорхой хэмжээнд нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчид хөрөнгийн багцаа тэнцвэржүүлж байгааг харуулна.

Шинжээчдийн үзэж байгаагаар инфляц сүүлийн саруудад тогтворжиж, эдийн засгийн өсөлт харьцангуй саарсан, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь дээрх шийдвэрийг гаргах гол хүчин зүйл болжээ. Бодлогоо хүү ийнхүү буурснаар богино хугацаанд эерэг үр дүн авчрах ч урт хугацаандаа эдийн засагт ямар үр дүн авчрах нь тодорхойгүй байна.


ИХ БРИТАНИ БОЛОН АНУ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ГҮНЗГИЙРҮҮЛНЭ

Өнгөрсөн долоо хоногт болсон АНУ болон Их Британийн Сангийн сайд нарын уулзалтаар хоёр улс криптовалют болон дижитал хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, эрсдлийг бууруулах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон байна. 

Сүүлийн жилүүдэд криптовалютын зах зээл дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болж, хөрөнгө оруулалтын урсгал, шинэ технологи, санхүүгийн инновацийг хурдацтай татаж байна. Гэсэн хэдий ч улс орон бүрийн зохицуулалтын орчин ялгаатай байгаа нь хөрөнгө оруулагчдад эрсдэл дагуулж, компаниудын үйл ажиллагаанд тодорхойгүй байдал үүсгэсэн хэвээр байна. Энэхүү хамтын ажиллагаа нь криптовалютын салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн итгэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мөн хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд чиглэх ажээ. Үүнээс гадна Их Британи улс дэлхийн “санхүүгийн төв” гэсэн статус, нэр хүнд, тэргүүллээ хэвээр хадгалах үүднээс хурдацтай хөгжиж буй крипто салбарын эрх зүйн зохицуулалтаа сайжруулахаар ажиллаж байна.


TOYOTA, BYD ЗЭРЭГ КОМПАНИУД ТӨЛБӨРТ USDT ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Өмнөд Америкийн Болив улсын гадаад валютын нөөц түүхэндээ хамгийн доод түвшинд хүрсэнтэй холбоотойгоор тус улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын автомашин үйлдвэрлэгчид болох Toyota, Yamaha болон БНХАУ-ын BYD компаниуд USDT (Tether) стейблкойныг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авч эхэлжээ.

Боливийн төв банкны мэдээллээр тус улсын долларын нөөц 2014 онд 12.7 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2025 он гэхэд ердөө 171 сая ам.доллар болж буурсан нь тус улсын эдийн засагт муу мэдээ болж байна. Ам.долларын хомсдол нэмэгдэхийн хэрээр компаниуд бизнесээ үргэлжлүүлэхийн тулд төлбөрийн өөр хувилбар хайж, USDT-г албан ёсоор ашиглаж эхэлсэн нь энэ юм.


АНУ-ЫН ИРГЭДИЙН 40% НЬ ТӨВЛӨРСӨН БУС САНХҮҮГ ХЭРЭГЛЭНЭ

Төвлөрсөн бус санхүү (DeFi) нь дэлхийн санхүүгийн салбарын ирээдүйн чиг хандлагын нэгээр тодорч байгаа энэ үед Америкийн хэрэглэгчдийн хандлагыг судалсан сонирхолтой үр дүн гарчээ. DeFi Education Fund байгууллагын захиалгаар Ipsos компани АНУ-ын насанд хүрсэн 1,321 иргэнээс судалгаа авахад тэдний 42% нь хэрэв хууль эрх зүйн орчин бүрдвэл DeFi ашиглана гэж хариулсан байна. 

Дээрх судалгаанд оролцогчдын 9% нь төвлөрсөн бус санхүүгийн хэрэгслүүдийг “ямар ч эргэлзээгүй ашиглана”, харин 33% нь “ашиглаж магадгүй” гэж хариулжээ. Энэ нь иргэдийн дунд DeFi-г ашиглах сонирхол байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байгаа нь гол асуудал болж буйг харуулж байна. Мөн иргэдийн 84% нь DeFi-г өдөр тутмын онлайнаар худалдан авалт хийхэд ашиглах боломжтой гэж үзжээ. Үүнээс гадна хураамж бага, ил тод байдал, хөрөнгөө өөрсдөө хянах боломжтой зэргээс үүдэн иргэд defi-г сонгосон байх магадлалтай байна.

Судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь өнөөгийн банк, санхүүгийн систем нь шударга бус, шимтгэл хураамж өндөр, мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хангалттай хамгаалдаггүй гэж үзсэн байна. Зөвхөн цөөхөн хувь нь л одоогийн системийг “аюулгүй” хэмээн үнэлжээ. Энэ нь хэрэглэгчдийн санхүүгийн уламжлалт системд итгэх итгэл тодорхой хэмжээгээр буурч, шинэ хувилбаруудыг сонирхох болсон шалтгааныг тод харуулж байна.


Эх сурвалж:

https://timesofindia.indiatimes.com/business/international-business/fomc-meeting-jerome-powell-led-us-fed-cuts-rate-by-25-basis-points-notes-moderation-in-economic-growth-job-gains-donald-trump-tariffs/articleshow/123952498.cms?utm_source=chatgpt.com

https://www.ft.com/content/3b814ced-16f5-45f4-815d-cbfb8d2c63a6?utm_source=chatgpt.com

https://cointelegraph.com/news/toyota-and-yamaha-accept-usdt-bolivia-as-usd-reserves-fall

https://cointelegraph.com/news/crypto-lobby-study-40-percent-americans-would-try-defi-with-laws