Буцах
2025-09-10

7 хоногийн крипто тойм мэдээ

Өмнөд Солонгосын UPBIT бирж ETHEREUM LAYER-2 сүлжээг амжилттай нэвтрүүллээ

Өмнөд Солонгосын крипто зах зээлд тэргүүлэгч бирж болох Upbit Ethereum-ийн Layer-2 шийдэл болох Giwa-г өөрийн тест сүлжээнд амжилттай нэвтрүүлсэн талаар мэдээлжээ. Энэ алхам нь биржийг зөвхөн арилжааны платформ төдийгүй Web3 дэд бүтцийн хөгжүүлэгчийн хувьд өргөжүүлэх томоохон боломжийг нээж байна.

Giwa Layer-2 шийдэл нь Ethereum-ийн үндсэн сүлжээнд тулгардаг хурд болон гүйлгээний зардлын асуудлыг шийдвэрлэх зорилготой. Giwa нь Optimism Foundation-ийн OP Stack дээр суурилж, секундын дотор шинэ блок үүсгэх боломжтой бөгөөд Ethereum-ийн аюулгүй байдлыг хадгалж, гүйлгээний хурдыг эрс нэмэгдүүлэх давуу талтай.

Тест сүлжээ болох Giwa Sepolia нь Ethereum Virtual Machine (EVM)-тай нийцэх бөгөөд хөгжүүлэгчдэд зориулсан ухаалаг гэрээний шилжүүлэг болон хэрэгслүүдийг санал болгоно. Энэ нь Upbit болон хөгжүүлэгчдэд шинэ Web3 төсөл, дижитал хөрөнгийн шийдлүүдийг туршиж, хэрэгжүүлэх боломжийг олгох аж.

Upbit нь Өмнөд Солонгосын крипто зах зээлийн 73%-ийг эзэлдэг бөгөөд 24 цагийн арилжааны хэмжээгээр дэлхийд эхний 20-д багтдаг. Giwa-ийн амжилттай нэвтрүүлэлт нь биржийн технологийн шинэчлэл, инновацийг илтгэх бөгөөд Ethereum экосистемийн өргөжилтөд чухал хувь нэмэр оруулж байна. Энэхүү алхам нь зөвхөн Upbit төдийгүй Өмнөд Солонгосын крипто салбарын хөгжлийг түргэсгэх, Web3 болон блокчэйн технологийн боломжийг нэмэгдүүлэх чухал үйл явдалд тооцогдоно.


АНУ-ын үнэт цаасны хороо крипто etf бүртгэлийг баталгаажуулах хугацааг багасгах шинэ журам боловсруулж байна

АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) крипто хөрөнгийн биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан (ETF)-г хөрөнгийн зах зээлд гаргах тусгай зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ алхам нь крипто зах зээлд шинээр орж ирж буй хөрөнгө оруулагчид болон сангуудын бирж дээр гарах үйл явцыг хурдасгах, илүү олон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Одоогоор крипто ETF-үүдийн бүртгэл олон шат дамжлагатай бөгөөд бүртгэлийн хугацаа дунджаар 240 хоногт байдаг. Үнэт цаасны хорооны шинэ саналд энэ хугацааг 60–75 хоногт багтаан багасгах боломжийг тусгаж байгаа бөгөөд altcoin-д суурилсан ETF-үүдийн зах зээлд нэвтрэх хурдыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Энэ нь зөвхөн Биткойн (BTC) болон Этериум (ETH)-ийн ETF-үүдээр хязгаарлагддаг одоогийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчрах юм. Хэрэв журам батлагдвал Solana (SOL), XRP, Dogecoin (DOGE) зэрэг крипто хөрөнгүүдэд суурилсан ETF-үүд хөрөнгө оруулагчдад илүү олон сонголт олгох боломжтой болно.

Крипто ETF-үүд нь хөрөнгө оруулагчдын хувьд ил тод байдал, хадгалалт, хяналтын механизмуудыг санал болгож, зохицуулалттай биржүүд дээр арилжаалагдах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах хамгаалалт сайжирч, зах зээлийн ил тод байдал нэмэгддэг давуу талтай.

Үнэт цаасны хороо нь энэ сарын сүүлээр буюу 2025 оны есдүгээр сард дээрх шинэ журмыг батлах эсэхээ эцэслэн шийдэх бөгөөд хэрэв уг журам батлагдвал 2025 оны эцэс гэхэд анхны altcoin ETF-үүдийг зах зээлд бүртгэж, хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломж бүрдэнэ.


GALAXY DIGITAL хувьцаагаа анх удаа solana блокчэйн дээр токенжууллаа

Galaxy Digital компани GLXY нэртэй хувьцаагаа анх удаа Үнэт цаасны хорооны зөвшөөрөлтэйгээр Solana блокчэйн дээр токенжуулж, хөрөнгийн зах зээлд танилцууллаа. Энэ нь АНУ-ын олон улсын биржид бүртгэлтэй компанийн хувьцааг шууд блокчэйн дээр токен хэлбэрээр гаргасан анхны тохиолдол юм.

GLXY токен нь Galaxy Digital-ийн Nasdaq дээр бүртгэлтэй А ангиллын энгийн хувьцааны шууд токенжуулалт бөгөөд үүсмэл үнэт цаас (дериватив) биш хувьцаа юм. Токенжуулалтыг Superstate компани хийж, тэдний Opening Bell платформыг ашиглан хөрөнгө оруулагчид өөрсдийн GLXY хувьцааг Solana блокчэйн дээр хадгалах, шилжүүлэх боломжтой боллоо.

Токенжуулсан хувьцааг зөвхөн KYC (Know Your Customer) болон AML (Anti-Money Laundering) шалгалтанд тэнцсэн хөрөнгө оруулагчид эзэмших боломжтой бөгөөд Superstate платформ нь хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг бодит цаг хугацаанд шинэчилж, хууль ёсны эзэмшигчийг баталгаажуулдаг. Ингэснээр блокчэйн дээрх шилжүүлэг нь бүрэн эрхтэй, зохицуулалттай байх давуу талтай. Galaxy Digital компани Solana блокчэйныг сонгосон нь гүйлгээний хурд, өндөр багтаамж, бага шимтгэл зэрэг давуу талтай нь холбоотой. Энэхүү шийдэл нь хөрөнгө оруулагчдад ил тод, хурдан, үр ашигтай орчинд хувьцаа эзэмших боломжийг олгож байна.


SHARPS TECHNOLOGY компаний хувьцааны үнэ 70%-иар өсч, $400 саяын solana сан байгууллаа

NASDAQ хөрөнгийн биржид бүртгэлтэй Sharps Technology Inc. (STSS) компани крипто зах зээлд томоохон алхам хийж, $400 саяын хөрөнгө оруулалтыг Solana блокчэйн дээр төвлөрүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү мэдээ нь компанийн хувьцааны үнийг 70%-иар өсөхөд хүргэж, хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлт үүсгэв.

Sharps Technology-ийн шинэ стратеги нь байгууллагын хөрөнгө оруулагчдад төвлөрсөн нэг токен дээр суурилсан хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээж байгаа бөгөөд компани Solana экосистемийг ашиглан ил тод, хурдан, үр ашигтай санхүүгийн орчин бүрдүүлэх зорилготой юм.

Хөрөнгө оруулагчид энэхүү алхмыг өндөр үнэлж, компани уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүнээ крипто зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шинэ Solana сан нь Sharps Technology-ийн хувьцааг уламжлалт болон крипто зах зээл хоёроор дамжуулан илүү хүртээмжтэй болгох, хөрөнгө оруулагчдад 24/7 шилжүүлэг хийх, ил тод байдал, зохицуулалттай орчинд хөрөнгө оруулах боломж олгох юм.

 

Эх сурвалж:

https://cointelegraph.com/news/south-korea-crypto-exchange-ubit-launches-ethereum-l2

https://cointelegraph.com/news/sec-approval-crypto-etfs

https://www.davispolk.com/experience/galaxy-launches-glxy-tokenized-public-shares-solana

https://www.techinasia.com/news/nasdaqlisted-sharps-tech-jumps-70-400m-solana-treasury-plan

Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 49 буюу “Саармаг” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 48 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногтой бараг адил байна.


Биткойны үнэ

Биткойны үнэ Мягмар гарагийн 14:59 цагийн байдлаар 113,057 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 2.43%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.67%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.25 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 58.28% байна.

Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу.


Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Мягмар гарагийн 15:00 цагийн байдлаар 4,365 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 0.88%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.84%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 527 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 13.65% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.


Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.