Биткойны үнэ унав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Bitcoin-ийн үнэ огцом унаж, нэг цагийн дотор $4,000-аар буурч $110,500 орчимд хүрэв (“Flash crash” буюу үнэ огцом унах үзэгдэл). Энэ нь нэгэн томоохон “халим” таван жилийн турш барьсан 24,000 BTC-ийг (ойролцоогоор $2.7 тэрбумын үнэтэй) зарснаас үүдэн үнэ ийнхүү унав.
Ийнхүү зөвхөн нэг өдөрт 12,000 BTC худалдаалагдсан нь зах зээлд хүчтэй “selloff” буюу заралт үүсгэсэн бөгөөд цаашид ч заралт үргэлжлэх магадлалтайг шинжээчид анхааруулж байна. Дээрх тэрбумтан халимын гарт одоо ч 152,000 BTC байгаа хэвээр байна.
Энэ үйл явдлын дараагаар хөрөнгийн урсгал Ethereum руу шилжиж байгаа үзэгдэл анзаарагдсан байна. Тухайлбал, өөр нэг томоохон “халим” 18,000 гаруй BTC зарж, оронд нь 416,000 ETH худалдан авчээ. Үүнээс 1.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 275,000 ETH-ийг аль хэдийн стейкинг хийсэн байна. Мөн жижиг хөрөнгө оруулагчид BTC ашиглан ETH дээр 76 сая ам.долларын үнийн дүн бүхий лонг арилжаанууд нээж эхэлсэн байна (8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар).
ETH бүх цаг үеийн дээд үнэндээ хүрэв
АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн дарга Ж.Пауэл Жексон Холлын уулзалтын үеэр тус банк энэ 9 дүгээр сард бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн дохио өгсний дараа хөрөнгө оруулагчдын сентимент өөрчлөгдөж, биткойн болон этэриумийн үнэ өнгөрсөн долоо хоногт өссөн билээ.
Зах зээлийн тоглогчид өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтыг хайж байдаг бөгөөд бодлогын хүү буурснаар банкны хадгаламж болон Засгийн газрын бонд зэрэг эрсдэл багатай хөрөнгө оруулалтын өгөөж багасдаг тул хүмүүс хувьцаа, крипто зэрэг эрсдэл өндөртэй ч өгөөж өндөрт хөрөнгөд мөнгөө оруулдаг билээ. Дээрх мэдээний дараа биткойны “халим” их хэмжээний заралт хийсний улмаас үнэ унасан бол этэриум бүх цаг үеийн дээд үнэдээ буюу 4,954 ам.долларт хүрэв.
AAVE APTOS блокчэйнд нэгдлээ
Дэлхийн хамгийн том төвлөрсөн бус зээлийн платформуудын нэг болох Aave анх удаа Ethereum-ээс өөр блокчэйнд буюу Aptos блокчэйнд нэгдсэн байна. Aave V3 буюу шинэ протоколыг Aptos дээр ажиллуулахын тулд Move програмчлалын хэлээр бүрэн хөгжүүлжээ. Түүнчлэн хэрэглэгчийн интерфэйс болон хөгжүүлэгчдэд зориулсан хэрэгслүүдийг шинэчилж, илүү хүртээмжтэй болгосон байна. Системийн аюулгүй байдлыг хангахын тулд Chainlink-ийн oracle шийдлийг ашигласан бөгөөд эрсдэлийн загварыг Chaos Labs, LlamaRisk зэрэг байгууллагууд боловсруулжээ. Мөн нэр хүндтэй аудитын компаниуд кодын баталгаажуулалтыг хийсэн байна. Нэмж хэлэхэд, Aave нь $500,000 хүртэл урамшуулал бүхий bug bounty хөтөлбөр зарлаж, аюулгүй байдлыг илүү баталгаатай болгожээ.
Aptos блокчэйнд одоогоор стэблкойнууд гол байр суурийг эзэлж байгаа бөгөөд USDT, USDC хоёр нь нийт зах зээлийн 86 хувийг бүрдүүлдэг. Aave-ийн нэвтрэлт нь эдгээр хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд илүү өргөн сонголт өгөх боломжтой гэж үзэж байна.
Энэ алхам нь Aave-гийн хувьд зөвхөн Ethereum дээр хязгаарлагдахгүй, харин олон блокчэйнд ажилладаг дэлхийн хэмжээний DeFi платформ болох стратегийн чухал алхам боллоо.
TRUMP MEDIA болон СRYPTO.COM бирж түншлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гэр бүлийн эзэмшлийн Trump Media & Technology Group (TMTG) компани криптовалютын зах зээлд үйл ажиллагаагаа тэлсээр байна. Тухайлбал тус компани сrypto.com крипто биржтэй хамтран Trump Media CRO Strategy нэртэй цахим хөрөнгийн менежментийг компанийг байгуулж буйгаа зарлав. Тус компани нь сrypto.com-ийн нэтив токен болох CRO-д голлон хөрөнгө оруулж хадгалах замаар урт хугацаанд ашиг олох зорилготой юм. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Trump Media компани 105 сая ам.долларын CRO токен худалдан авах бөгөөд компанийн нийт хөрөнгө нь 1 тэрбум ам.долларын үнэ бүхий CRO токен (энэ нь зах зээлд гарсан нийт CRO токены нийт нийлүүлэлтийн 19%-тай тэнцэнэ), түүнчлэн 420 сая ам.долларын бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө, 5 тэрбум ам.долларын зээлийн шугам байх юм байна.
Шинэ компани нь Yorkville Acquisition Corp нэртэй тусгай зориулалтын худалдан авалтын компани (SPAC)-тай нэгдэж, MCGA нэрийн дор Nasdaq бирж дээр гарахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ мэдээ гарснаар Cronos (CRO) токен богино хугацаанд 25–35% өсөв.
Trump Media өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social платформ дээр CRO токен ашиглах урамшууллын систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид урамшууллаа CRO хэлбэрээр авах боломжтой болж, Crypto.com-ийн хэтэвчтэй шууд холбогдох нөхцөл бүрдэх аж. Энэхүү шинэчлэлтийн нөлөөгөөр CRO-ийн үнэ дахин 30% хувиар өссөн байна.
Эх сурвалж:
https://www.binance.com/en/square/post/28787280377794
https://pintu.co.id/en/news/196924-aave-expands-to-aptos-unlocking-fresh-defi/amp
https://cryptopotato.com/ethereum-price-analysis-is-eth-about-to-break-past-5k-after-recent-ath/
https://apnews.com/article/trump-media-crypto-treasury-cryptocom-cfb8da95070cad9678ff9597f1900791
Крипто зах зээлийн сэтгэл зүй
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 44 буюу “Айдас” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 51 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бага зэрэг сайжирсан байна.
Биткойны үнэ
Биткойны үнэ Лхагва гарагийн 15:17 цагийн байдлаар 110,960 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 2.57%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.38%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.20 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 58.05% байна.
Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу.
Этэриумийн үнэ
Этэриумийн үнэ Лхагва гарагийн 15:18 цагийн байдлаар 4,581 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 8.70%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.42%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 552 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 14.52% байна.
Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн чарт
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.