Амазоны компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сансрын аяллын Blue Origin компани нь төлбөр тооцооны Shift4 Payments компанитай хамтран “New Shepard” хөлгийн сансрын нислэгийн төлбөрт биткойн, этэриум, солана, USDT, USDC зэрэг криптовалютыг авч эхэлжээ. Харилцагчид Coinbase, MetaMask зэрэг хэтэвчээр дамжуулан дээрх төлбөрийг хийх боломжтой болжээ.
Энэ шинэ боломж нь сансрын аялал, blockchain технологи болон криптовалютын хөгжлийн үр дүнд бий болж буй бөгөөд Shift4 компанийн үзэж буйгаар цаашид өндөр үнийн дүн бүхий худалдан авалтад криптовалют түлхүү хэрэглэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Шүүхийн маргаан дуусав
АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) болон Ripple Labs компанийн олон жил үргэлжилсэн шүүхийн маргаан албан ёсоор дууслаа. Reuters агентлагаас 2025 оны 8-р сарын 8-нд мэдээлснээр хоёр тал давж заалдахаас татгалзсанаар Нью-Йоркийн шүүхийн өмнөх шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу Ripple компани 125 сая ам.долларын торгууль төлөхөөс гадна XRP токеныг байгууллагын хөрөнгө оруулагчдад борлуулахыг хориглох тухай шүүхийн тогтоол хүчинтэй хэвээр үлдлээ.
Маргаан анх 2020 оны 12-р сард эхэлсэн бөгөөд Үнэт цаасны хороо Ripple-ийг XRP токеныг тус хороонд бүртгүүлэлгүйгээр үнэт цаас хэлбэрээр байгууллагуудад заран хууль зөрчсөн гэж буруутгасан. Шүүгч Аналиса Торрес 2023 онд гаргасан шийдвэртээ олон нийтэд биржээр дамжуулан борлуулсан XRP токен нь үнэт цаас биш боловч аж ахуйн нэгж, байгууллагуудад борлуулсан токен нь “үнэт цаас” гэж тооцогдох ёстой гэж үзэн торгууль ногдуулахаар шийдсэн.
Ripple компани торгуулийн дүнг 50 сая ам.доллар болгон бууруулах, мөн байгууллагын хөрөнгө оруулагчдад борлуулахгүй гэсэн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасан ч шүүгч Торрес татгалзсан. Ингэснээр 2023 онд гаргасан шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хэрэгжихээр болж уг маргаан өндөрлөж байна.
HARVARD 116 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг биткойнд хийв
АНУ-ын хамгийн чинээлэг их сургууль болох Харвардын хөрөнгийн санг удирддаг Harvard Management Company (HMC) 2025 оны хоёрдугаар улиралд хийсэн хөрөнгө оруулалтын тайлангаа нийтэлжээ. Тайланд дурдсанаар тус байгууллага криптовалют болон үнэт металд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хамгийн том хөрөнгө оруулалт нь Blackrock компанийн гаргасан биржээр арилжаалдаг сан (ETF) болох iShares Bitcoin Trust-ийн хувьцаа байсан бөгөөд тус компани нийт 1.9 сая ширхэг хувьцаа худалдан авч, үүнд 116.7 сая ам.доллар зарцуулжээ. Мөн алт үнэ цэнээ тогтвортой хадгалдаг шинж чанарыг үнэлж, SPDR Gold Trust алтны ETF-ийн 333,000 ширхэг хувьцаа авч, 101.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эдгээр хөрөнгө оруулалт нь HMC-ийн стратегийн өөрчлөлтийг харуулж байна. Өмнөх улиралд тус байгууллага технологийн томоохон компаниудын (Apple, Amazon, Tesla гэх мэт) хувьцаанд хөрөнгө оруулж байсан бол энэ удаад инфляци болон зах зээлийн хэлбэлзлээс хамгаалах зорилготой “аюулгүй” гэж тооцогддог дээрх хөрөнгүүдэд хөрөнгө оруулжээ.
Харвардаас гадна АНУ-ын бас нэгэн томоохон их сургууль болох Браун их сургууль мөн энэ оны 5-р сард биткойны ETF-д хөрөнгө оруулсан байна.
Хятад улс юанаар баталгаажсан анхны стэйблкойныг Хонконгод гаргахаар туршиж байна
Хятадын төв банк юанаар баталгаажсан стэйблкойныг анх удаа гаргахаар туршиж байгаа ажээ. Энэхүү алхам нь юанийг олон улсын төлбөр тооцоонд түлхүү хэрэглэхийг дэмжих, мөн ам.доллараар баталгаажсан бусад стэйблкойнуудтай өрсөлдөх зорилготой ажээ.
Хонг Конг өнгөрсөн тавдугаар сард стэйблкойн гаргагчдад зориулсан тусгай зөвшөөрлийн хууль баталсан. Анх гарсан стэблкойнуудыг голчлон байгууллага хоорондын төлбөр тооцоонд ашиглах бөгөөд хөрөнгө гадагш урсах, мөнгө угаах эрсдэлийг бууруулахын тулд хатуу хяналтын дор хэрэгжүүлэх аж.
Эх сурвалж:
Крипто зах зээлийн сэтгэл зүй
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 60 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 68 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос сайжирсан байна.
Биткойны үнэ
Биткойны үнэ 118,748 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 3.83%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.58%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.36 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 60.6% байна.
Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу.
Этэриумийн үнэ
Этэриумийн үнэ 4,289 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 16.76%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.22%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 518 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 13.27% байна.
Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн чарт
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.