Буцах
2025-07-24

NFT зах зээлийн сэргэлт эргэн ирэх үү?

TETHER ану-ын зах зээлд CIRCLE-тэй өрсөлдөнө

Дэлхийн хамгийн том стэблкойн USDT-г гаргасан Tether компанийн гүйцэтгэх захирал Паоло Ардоино АНУ-ын зах зээлд Circle компанитай өрсөлдөнө гэдгээ мэдэгдэв. Тэрээр USDT нь АНУ-ын хэрэглэгчдэд крипто валютыг өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагаандаа хэрэглэх шинэ боломжуудыг нээж өгнө гэж найдаж буйгаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Circle компанийн гаргасан USDC стэблкойн АНУ-ын зах зээлд тэргүүлэх байр суурьтай байна.

Tether-ийн өрсөлдөгч Circle компанийн гүйцэтгэх захирал Жереми Аллер Tether-тэй АНУ-ын зах зээлд өрсөлдөхөд айхгүй байгаагаа илэрхийлээд харин ч энэ өрсөлдөөний үр дүнд крипто салбар өргөжин хөгжинө гэж үзэж байна. Circle-ийн USDC стэблкойн АНУ-д өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд Ардоино болон Аллераар удирдуулсан хоёр компанийн өрсөлдөөн нь АНУ-ын стэблкойны зах зээлд шинэ сорилт, боломжуудыг авчрах төлөвтэйг шинжээчид онцолж байна.

Хоёр компанийн харьцуулалтыг доорх зургаас харна уу. 


Тэтгэврийн сангийн хөрөнгөөр биткойнд хөрөнгө оруулна

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш криптовалютыг дэмжсэн зоригтой алхмуудыг хийсээр байгаа билээ. Үүний нэг жишээ нь АНУ-ын тэтгэврийн сангуудын хөрөнгийг биткойн болон бусад криптовалютад хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэх зарлигийг ойрын үед гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Хэрэв энэхүү зарлиг гарч, бодит ажил болбол 9 триллион орчим ам.доллар эргэлддэг аварга том тэтгэврийн сангууд нь зөвхөн хувьцаа, АНУ-ын ЗГ-ын бондууд, индекс сан зэрэг уламжлалт хөрөнгүүдэд хөрөнгө оруулсаар ирсэн байдалд хувьсгал гарах юм. Үүнийг дагаад биткойн тэргүүтэй крипто салбарын үнэ цэнэ өснө гэж таамаглаж байна. 


АНУ-ын ажил олгогчид ажилчиддаа 401(k) гэх тэтгэврийн хуримтлалыг санал болгодог бөгөөд ажилтан сар бүрийн цалингийнхаа тодорхой хэсгийг татварын шимтгэлгүйгээр (гэхдээ тэтгэвэрт гараад мөнгөө авахдаа татвар төлнө) уг санд хуримтлуулдаг бөгөөд уг сангийн хөрөнгийг Засгийн газар биш Vanguard, Fidelity, BlackRock зэрэг хөрөнгийн удирдлагын хувийн компаниуд удирдаж, өсгөдөг.


Хамгийн их этэриум койн эзэмшигч

Спортын бооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, NASDAQ биржид бүртгэлтэй АНУ-ын SharpLink Gaming компани этэриум эзэмшлийн хэмжээгээр этэриум блокчэйн сүлжээг үүсгэсэн Ethereum Foundation (250,000 орчим ETH)-ийг давав. Тус компани зөвхөн сүүлийн долоо хоногт л гэхэд 80,000 орчим ETH худалдаж авсан бөгөөд худалдан авсан токенуудаа стейкинг буюу ашиг олох зориулалтаар хадгалж эхэлжээ. Үүнийхээ төлөө энэ оны 6 дугаар сарын 2-ноос хойш стэйкинг хийсний урамшуулалд нийт 567 ETH  авчээ. Одоогоор тус компани нийт 360,807 ETH эзэмшиж байна. SharpLink-ийн дээрх үйлдэл нь томоохон компаниуд Ethereum-д итгэж, урт хугацаанд үнэ өснө гэж үзэж байгаагийн илрэл юм.

Зах зээлд ETH-ийн үнэ сүүлийн нэг сарын хугацаанд бараг 70%, сүүлийн 7 хоног 10%-иар өсөөд байгаа билээ. Одоогоор зах зээлийн үнэлгээ нь 440 тэрбум орчим ам.доллар байна. 


NFT зах зээлийн сэргэлт эргэн ирэх үү?

Сүүлийн үед NFT буюу цахим цуглуулгын зах зээл эргэн идэвхжиж, олон томоохон цуглуулгуудын үнэ өсч эхэлжээ. Ялангуяа Ethereum болон Solana блокчэйн дээр байрладаг CryptoPunks зэрэг нэр хүндтэй NFT-үүдийн үнэ нэмэгдэж, худалдаа идэвхжсэн байна. NFT-ийн хамгийн бага үнийг илэрхийлдэг “floor price” өсч, зах зээлийн нийт хэмжээ хоёр дахин тэлжээ. Хэдийгээр өмнө нь NFT зах зээл хурдацтай унаж, хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан ч хөрөнгө оруулагчдын сонирхол эргэн сэргэх хандлагатай байна. 

Энэхүү сэргэлтийн гол шалтгаан нь Ethereum (ETH), Solana (SOL) зэрэг крипто токенуудын үнэ огцом өссөнтэй холбоотой. Криптовалютын үнэ нэмэгдэхэд блокчэйн дээр суурилсан бүтээгдэхүүнүүд, тэр дундаа NFT-үүдийн үнэ дагаад өсдөг хандлагатай байдаг. Мөн сүүлийн саруудад нийт арилжааны идэвх эрс нэмэгдсэн нь хэрэглэгчид дахин NFT худалдаж авах, цуглуулах хандлага руу шилжиж байгааг илтгэж байна.


Эх сурвалж:

https://tether.io/news/tether-hits-13-billion-profits-for-2024-and-all-time-highs-in-u-s-treasury-holdings-usdt-circulation-and-reserve-buffer-in-q4-2024-attestation/

https://decrypt.co/330930/tether-ceo-usdt-coming-america-circle-ceo-isnt-afraid

https://www.ft.com/content/07906211-5ab8-4917-bcad-5397c0bc3170

https://www.ainvest.com/news/sharplink-gaming-eth-holdings-surge-29-week-largest-public-holder-trading-volume-drops-125th-2507/

https://www.dlnews.com/articles/markets/top-nft-collections-roar-to-life-ethereum-solana-price-pump/

 

Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 74 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 71 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бага зэрэг муудсан байна. 


Биткойны үнэ

Биткойны үнэ Пүрэв гарагийн 12:23 цагийн байдлаар 118,350 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 0.05%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0.36%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.35 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 61.78% байна.

Биткойны үнийн хөдөлгөөнийг доорх 7 хоногийн чартаас харна уу. 


Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Пүрэв гарагийн 12:24 цагийн байдлаар 3,639 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 9.19%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.43%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 439.5 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 11.52% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 


Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.