АНУ-ын конгресс стэйблкойны хуулийг батлав
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 2025 оны 7-р сарын 17-нд “GENIUS Act” нэртэй стэйблкойны шинэ хуулийг баталлаа. Энэхүү хууль нь стэйблкойн криптовалютыг зохицуулахад чиглэж байгаа бөгөөд хууль батлагдсанаар санхүүгийн зах зээлд илүү тодорхой, итгэлтэй орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэ хуулинд стэйблкойнтой холбоотой олон зохицуулалт орсон юм. Тухайлбал стэйблкойн гаргагч байгууллагууд өөрсдийн стэйблкойныг 1 ам.доллартай тэнцэхүйц үнэтэй байлгахын тулд ямар нөөц хөрөнгөөр баталгаа гаргаж байгаагаа ил тод тайлагнаж байх шаардлагатай болж байна.
Мөн дээрх хуульд зааснаар тогтвортой койн гаргах эрхийг зөвхөн тодорхой шалгуур хангасан банк болон санхүүгийн байгууллагууд авах бөгөөд тэдгээр нь АНУ-ын Сангийн яам болон төв банкны хяналтад байх юм. Энэ нь зах зээлд санхүүгийн залилан хийх эрсдэлээс хамгаалж, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид мэдэгджээ.
Энэ хуулийн төсөл АНУ-ын Конгресст 308:122 саналын харьцаатайгаар батлагдсан бөгөөд одоо Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурахыг хүлээж байна. Хэрэв уг хуульд Д.Трамп гарын үсэг зурвал энэ нь АНУ-ын крипто салбарын түүхэнд анх удаа ийм өндөр түвшинд зохицуулалт хийх хууль болох юм.
“Крипто 7 хоног”-ийн хүрээнд GENIUS хуулиас гадна CLARITY Act (Digital Asset Market Structure Clarity Act) буюу АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) болон Бараа таваарын фьючерсийн хороо (CFTC)-ны зохицуулалтын үүргийг тодорхой болгосон шинэ хуулийг баталсан байна. Цаашид токен төрлүүдийг тодорхойлох, бирж, брокерүүдийг бүртгэх, self‑custody буюу хувийн түрийвчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлуудыг энэ хуулиар зохицуулжээ. Мөн АНУ-ын төв банк үндэсний цахим мөнгө гаргахыг хориглосон хууль (Anti‑CBDC Surveillance State Act)-ийг баталжээ. Энэхүү хууль нь хувийн эрх чөлөө, санхүүгийн нууцыг хамгаалах зорилготой юм.
Биткойны үнэ 2025 оны 7-р сарын 14-ний өдөр анх удаа 120,000 ам.долларын босгыг давж, $123,153 -д хүрсэн нь түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болж тэмдэглэгдлээ. Дээрх өсөлт нь оны эхэн үетэй харьцуулахад ойролцоогоор 30%-иар, Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 60%-иар нэмэгдэв. Хэдийгээр дээрх өсөлтийн дараа үнэ бага зэрэг буурч $119,750 орчимд тогтворжсон ч хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд томоохон итгэл өгсөн үйл явдал боллоо.
Биткойны өсөлтийг дагаад Ether (ETH) 3,400 ам.долларт хүрч, топ 100 койн, токенуудын 90% нь сүүлийн 7 хоногт өсөлттэй байв.
Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар биткойны энэхүү өсөлтийн гол шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1. Стэйблкойны тухай хуулийн төслийг Конгресс батлав
АНУ-ын Конгрессын “Crypto Week” буюу крипто зах зээлтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх долоо хоногийн үйл ажиллагаатай холбоотой аж. Тухайлбал, GENIUS Act буюу стэйблкойнтой холбоотой хуулийг Конгрессийн Төлөөлөгчдийн танхим баталж Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурж батламжлах шатандаа орсонтой холбоотой. Крипто салбарын ирээдүйд илүү тодорхой, зохицуулалттай орчин бүрдүүлэх дохио болсон дээрх үйл явдлыг хөрөнгө оруулагчид эерэгээр хүлээн авч, үнэ өсөхөд түлхэц болсон гэж үзэж байна.
2. Байгууллагын хөрөнгө оруулалтын өсөлт
Зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдаас гадна томоохон институцийн хөрөнгө оруулагчид, хөрөнгийн сангууд болон компаниудын биткойн худалдан авах замаар нөөц бүрдүүлж буй нь биткойны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Тухайлбал BlackRock зэрэг томоохон сангууд Bitcoin ETF (бирж дээр арилжаалагддаг сан)-уудыг идэвхтэй дэмжиж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг нэмэгдүүлж байна. Байгууллагын хөрөнгө оруулагчдын дунд биткойныг инфляцийн эсрэг хамгаалалт гэж үзэх хандлага бусад активуудтай харьцуулахад эрс нэмэгдэж байна.
3. Д.Трампын нөлөө
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп криптовалютыг дэмжих байр суурь илэрхийлсээр буй нь зах зээлд эерэг хүлээлт, дохио өгч байна. Крипто зах зээлд ийнхүү эерэг уур амьсгал бий болж байгаа нь зөвхөн үнэ өсөлт төдий бус, системийн эрсдэл буурч, биткойныг урт хугацааны хөрөнгө оруулалт хэмээн харах боломж нэмэгдэж буйн илрэл" хэмээн хөрөнгө оруулалтын Morgan Stanley банкны крипто шинжээчид үзэж байна.
Үнэ цаашид яах вэ?
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 2025 оны эцэс гэхэд нэгж биткойны үнэ 150,000 ам.доллар хүрэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж:
https://cointelegraph.com/news/crypto-clarity-act-passes-house-crypto-week-continues