Буцах
2025-07-17

ROBINHOOD: Хувьцааг токенжуулж, крипто санхүүгийн шинэ эринд хөл тавилаа

ROBINHOOD: Хувьцааг токенжуулж, крипто санхүүгийн шинэ эринд хөл тавилаа

Арилжааны аппликэйшн Robinhood компанийн “To Catch a Token” арга хэмжээ Францын Канн хотод 2025 оны 6-р сарын 30–нд зохион байгуулагдах үеэр тус компани крипто экосистемийг дараагийн түвшинд гаргах өргөн цар хүрээтэй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Тухайлбал тус компани хувьцааг токенжуулах, өөрийн Layer-2 блокчэйнийг хөгжүүлэх, мөн крипто зах зээлд зориулсан перпетуал фьючерс арилжаа, staking зэрэг цоо шинэ үйлчилгээг АНУ болон Европын зах зээлд нэвтрүүлж байгаагаа албан ёсоор зарлав. 

Robinhood-ийн Европ дахь хэрэглэгчид АНУ-ын 200 гаруй хувьцаа болон ETF-ийг крипто токен хэлбэрээр худалдаж авах боломжтой болох бөгөөд хувьцааг Arbitrum сүлжээ дээр токенжуулж 24/5 зарчмаар арилжих боломжоор хангах ажээ. Арилжаа нь ямар ч шимтгэлгүй бөгөөд хувьцааны ногдол ашгийг ч мөн хэрэглэгчийн аппликейшн дэх токен эзэмшигчийн хэтэвч рүү шууд шилжүүлэх ажээ.

Токенжсон хувьцааны гүйлгээг дэмжихийн зэрэгцээ Robinhood өөрийн Layer-2 блокчейн-ийг хөгжүүлж байгаагаа мэдэгдэв. Энэ сүлжээ нь зөвхөн хөрөнгийг арилжих бус, хадгалах, кросс-чэйн холболт хийх, RWA (real world assets)–г блокчейн рүү шилжүүлэх зэрэг олон чухал дэд бүтцийг бүрдүүлэх суурь болох юм.


Крипто салбар дахь хөрөнгө оруулалт огцом өсч, 2025 оны хоёрдугаар улиралд 10 тэрбум долларт хүрэв

2025 оны хоёрдугаар улиралд дэлхийн хэмжээнд крипто компаниуд нийт 10.03 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, сүүлийн 3 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ. Зөвхөн 6 дугаар сард гэхэд 5.14 тэрбум доллар босгосон нь 2022 оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүн болов.

Энэ нь крипто салбар дахин сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.


Ямар компаниуд хамгийн их хөрөнгө босгов?

  • Хөрөнгийн удирдлагын Strive Funds компани энэ 5 дугаар сард 750 сая ам.долларын хөрөнгө босгож, биткойн худалдаж авах, мөн крипто төслүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
  • TwentyOneCapital энэ оны 4 дүгээр сард 585 сая ам.доллар босгосон бөгөөд энэ мөнгөөрөө биткойн худалдан авч, стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ 5 дугаар сард 100 сая ам.долларын өрийн бичиг гаргасан.
  • Securitize 400 сая долларын санхүүжилт татжээ. Тус компани нь бодит хөрөнгийг токен болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг финтек компани юм.
  • Мөн Kalshi, Auradine, ZenMEV, Digital Asset зэрэг олон компаниуд 100 сая ам.доллароос дээш хөрөнгө татсан байна.

Хөрөнгө оруулагчид ямар чиглэлд анхаарч байна вэ?

Хөрөнгө оруулагчид голчлон дараах салбаруудад хөрөнгө оруулж байна. Үүнд:

  • Блокчейн дэд бүтэц, сүлжээний хөгжил
  • DeFi – төвлөрсөн бус санхүүгийн платформууд
  • Staking, токенжуулалт, төлбөрийн шийдлүүд

NFT, тоглоомын төслүүд (GameFi) бага хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа бол мемекойн (meme coins)-ий төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт харьцангуй бага байв.


Хамгийн идэвхтэй хөрөнгө оруулагчид хэн байв?

  • Coinbase Ventures компани нийт 25 төсөлд хөрөнгө оруулсан байна.
  • Pantera Capital, Galaxy, Paradigm зэрэг томоохон хөрөнгө оруулагчид мөн адил идэвхтэй байв.


Ямар төрлийн санхүүжилт давамгайлж байна вэ?

  • Seed шатны хөрөнгө оруулалт (анхны хөрөнгө) нь нийт хөрөнгө оруулалтын 19%
  • Стратегийн хөрөнгө оруулалт – 14%
  • Мөн Series A, pre-seed, M&A зэрэг төрөл бүрийн санхүүжилтүүд хийгдсэн байна.


Шинээр байгуулагдсан хөрөнгө оруулалтын сангууд

  • Galaxy Digital 175 сая долларын шинэ сан байгуулж, стэблкойн койн, төлбөрийн систем, блокчэйн дэд бүтэц зэрэг салбаруудад хөрөнгө оруулах ажээ.
  • Theta Capital (Нидерланд) 175 сая долларын шинэ сан байгуулж, шинэ крипто төслүүдийг дэмжих юм байна. 


14 жилийн дараа сэрсэн крипто хэтэвчнээс 80,000 btc шилжиж, крипто ертөнцөд шуугиан тарив

Сүүлийн 14 жилд огт хөдөлгөөн хийгээгүй, анхны Bitcoin олборлолтын үеийн буюу “Сатоши үеийн” хэтэвчнүүдээс нийт 80,000 BTC буюу ойролцоогоор 8.6 тэрбум ам.долларын хөрөнгө шинэ хаягуудад шилжсэн нь крипто ертөнцөд анхаарал татаж байна.

Тус хэтэвчнүүд 2010–2011 оны хооронд буюу биткойны ханш ердөө $1 орчим байх үеийн хэтэвчнүүд ажээ. Шилжүүлсэн BTC-г тухайн үед 200,000 ам.доллараас бага үнээр худалдан авсан гэж үзэж байгаа ч өнөөдрийн ханшаар нэг BTC $108,000 орчим болж өссөн тул 13–14 сая хувиар өссөн хөрөнгө гэгдэж байна.


Түүхэн дээд хэмжээгээр хөдөлсөн BTC

Энэ удаагийн 80,000 BTC шилжилт нь криптовалютын түүхэнд бүртгэгдсэн “унтаа” хэтэвчний хамгийн өндөр дүнтэй хөдөлгөөн болж байна. Өмнөх хамгийн өндөр дүнтэй хөдөлгөөн нь 3,700 BTC байсан бол энэ удаа түүнээс 20 дахин их хэмжээтэй хөрөнгө нэг дор шилжив.

Эзэн нь хэн байж болох вэ?

Хэтэвчний жинхэнэ эзнийг албан ёсоор батлаагүй ч зарим судлаачид Roger Ver байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Тэрбээр крипто ертөнцөд “Bitcoin Jesus” хэмээх нэрээр танигдсан, хөрөнгө оруулагч бөгөөд одоо Испанид оршин суудаг, татварын маргаанд холбогдоод байгаа нэгэн билээ.

Зах зээлийн хариу үйлдэл

Хөдөлгөөн хийгдсэн даруйд биткойны ханш богино хугацаанд 1–2 хувиар унасан ч удалгүй тогтворжсон. Дээрх биткойныг зах зээлд худалдаагүй, зөвхөн нэг хаягнаас нөгөө хаяг руу шилжүүлэлт хийгдсэн бөгөөд бирж рүү оруулаагүй байгаа тул үүнийг аюулгүй байдлын шинэчлэлт, хадгалалтын арга барилаа сайжруулах зорилгоор хийсэн “дотоод шилжилт” байх магадлалтай гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

BLACKROCK-ийн bitcoin etf-ийн хэмжээ 700,000 ширхэг биткойнд хүрч, түүхэн амжилт тогтоов


Дэлхийн хамгийн том хөрөнгө удирдлагын компани болох BlackRock-ийн биткойны спот үнэ дагадаг биржээр арилждаг сан буюу ETF (IBIT) нь 700,000 ширхэг биткойн буюу 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, түүхэн шинэ амжилт тогтоолоо.

Энэ ETF нь ердөө 2024 оны 1 дүгээр сараас буюу сүүлийн нэг жил хагас хөрөнгийн биржаар арилжаалагдаж буй хэдий ч тун богино хугацаанд асар их хэмжээний хөрөнгө татаж чадсан байна.


Ямар хэмжээний хөрөнгө татсан бэ?

Тус сан энэ долоо хоногийн эхэнд 1,388 ширхэг шинэ Bitcoin худалдан авч, нийт хадгалж буй BTC нь 700,307 болсон байна. Энэ нь АНУ-ын бүх спот биткойны ETF-үүдийн дундаа хамгийн их хөрөнгө оруулалттай нь болжээ. IBIT ETF нь одоогоор нийт биткойны нийлүүлэлтийн 3.3%-ийг эзэмшиж байна.

Ямар ашиг олж байна вэ?

IBIT нь BlackRock компанийн нийт 1,000 гаруй ETF-үүд дотроос топ 3 хамгийн их орлого олдог ETF-ийн нэг болов. Зөвхөн ETF-ээс олох хураамжийн орлого буюу уг ETF-д хөрөнгөө оруулсан хувь хүн, байгууллагаас авдаг жилийн шимтгэлийн хэмжээ нь 187–191 сая ам.долларт хүрч буй нь уламжлалт том сангуудтай өрсөлдөх хэмжээнд хүрчээ.

Зах зээлд хэрхэн нөлөөлж байна?

2025 онд байгууллагын хөрөнгө оруулагчид болон ETF-үүд нийт 28 тэрбум долларын BTC худалдан авчээ. Харин BTC олборлогчид ердөө 7.8 тэрбум долларын үнийн дүн бүхий биткойн нийлүүлсэн нь эрэлт нь нийлүүлэлтээс хэтэрч байгааг харуулж байна.

 

Эх сурвалж:

https://newsroom.aboutrobinhood.com/robinhood-launches-stock-tokens-reveals-layer-2-blockchain-and-expands-crypto-suite-in-eu-and-us-with-perpetual-futures-and-staking/

https://cointelegraph.com/news/crypto-vc-funding-q2-2025-surge

https://www.tomshardware.com/tech-industry/cryptocurrency/satoshi-era-bitcoin-investor-moves-usd8-billion-worth-of-crypto-after-14-years-80-000-btc-originally-bought-for-less-than-usd200-000

https://cointelegraph.com/news/blackrock-ishares-bitcoin-etf-surpasses-700k-bitcoin