Буцах
2025-07-03

Биржүүд дэх биткойны нөөц сүүлийн 7 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

TETHER компани STABLE гэх шинэ блокчэйн сүлжээ үүсгэснээ зарлав

Tether компани Stable нэртэй шинэ лэйр-1 блокчейн сүлжээ (mainnet буюу үндсэн сүлжээ нь Stablechain) албан ёсоор зах зээлд гаргаснаа энэ Мягмар гарагт зарлав. Энэхүү блокчэйний зорилго нь хувь хүмүүс болон байгууллагын үйлчлүүлэгчид стэблкойн ашиглан илүү хурдан, хямдхан, найдвартай гүйлгээг гүйцэтгэхэд туслах ажээ. Бусад блокчэйн сүлжээнээс ялгаатай нь Stable блокчэйний гүйлгээний шимтгэл болон төлбөрт зөвхөн USDT токеныг ашиглах ажээ.  

 

Stable сүлжээ нь дараах онцлог, давуу талуудтай ажээ. Үүнд:

  • Блокын баталгаажилт нь хагас секундээс бага хугацаанд явагддаг тул маш өндөр хурдтай.
  • Ethereum Virtual Machine (EVM)-тэй бүрэн нийцтэй тул хөгжүүлэгчид Ethereum дээр ажилладаг ухаалаг гэрээнүүдээ шууд ашиглах боломжтой.
  • Мөн USDT-ийн төвлөрсөн бус хувилбар болох блокчэйнүүд хооронд мэдээлэл дамжуулдаг LayerZero протокол дээр хөгжүүлэгдсэн USDT0-тэй тусгайлан интеграцчлагдсан.

Stable блокчэйн дээр USDT0 ашиглан хийгдсэн гүйлгээнүүд ямар ч шимтгэлгүй ажээ. Stable нь байгууллагын хэрэгцээнд зориулсан баталгаатай блок зай гаргах, багц гүйлгээ хийх, нууц гүйлгээ хийх зэрэг функцуудтэй ажээ. Мөн крипто хэтэвчээрээ дамжуулан сошиал сувгуудад нэвтрэх, дебит болон кредит карт ашиглах боломжтой ажээ.


TETHER компани JUVENTUS клуб-тэй урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй

Tether компани Италийн алдарт Juventus хөлбөмбөгийн клубийн 10%-иас илүү хувьцааг эзэмшиж, клубын үйл ажиллагаа, удирдлагад илүү идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Tether компани тус клубын хувьцааны 8.2%-ийг энэ оны 2 дугаар сард худалдаж авсан бөгөөд хувьцаа эзэмшлээ 4 дүгээр сард 10.12% болгосон. Juventus клубийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь 65.37%-ийг эзэмшдэг Exor компани бөгөөд Tether хоёр дахь том хувьцаа эзэмшигч нь болсон. Мөн энэ 5 дугаар сард өөрийн төлөөллөө Төлөөлөн удирдах зөвлөлд оруулсан байна.

Tether-ийн CEO Паоло Ардойно хөрөнгө оруулалтыг зөвхөн санхүүгийн ашиг олох зорилгоор биш, харин клубын ирээдүйд дэмжлэг үзүүлэх, инноваци, технологийг хөлбөмбөгийн салбарт нэвтрүүлэх зэрэг урт хугацааны хамтын ажиллагааг төсөөлж буйгаа онцолжээ.

Tether-ийн дээрх алхам нь тус компанийн спортын салбарт оруулсан анхны томоохон хөрөнгө оруулалт юм.

Биржүүд дэх биткойны нөөц сүүлийн 7 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

Крипто биржүүд дээр хадгалагдаж буй Bitcoin-ийн хэмжээ 15 хувиас доош буурсан нь 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч, крипто ертөнцөд “нийлүүлэлтийн хомсдол” үүсэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Энэ нь арилжааны эргэлтэд оролцох боломжтой BTC-ийн хэмжээ огцом багассаныг илтгэж байгаа бөгөөд эрэлт өндөр хэвээр байхад нийлүүлэлт ийнхүү багасвал үнэ өсөх нөхцөл бүрддэг билээ.

Ийнхүү биткойны хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал үүсэхэд байгууллагын хөрөнгө оруулагчдын биткойн авах эрэлт, хэрэгцээ өссөн, тэр дундаа биткойны спот үнэ дагадаг биржээр арилжаалагддаг сан (ETF)-гуудын эрэлт нөлөөлжээ.

Сүүлийн үед зөвхөн крипто биржүүд дэх биткойны хэмжээ багасч буй биш, биткойны over-the-counter (OTC) буюу биржийн бус арилжааны цэгүүд дээр биткойны нийлүүлэлт доод түвшиндээ хүрээд байгаа ажээ. OTC арилжааны цэгүүд нь их хэмжээний биткойны арилжааг нууцлаг байдлаар, хурдан, найдвартай байдлаар арилждаг тул их хэмжээний нөөц бэлэн байлгах шаардлагатай байдаг. CryptoQuant-ийн мэдээлснээр биржийн бус арилжааны цэгүүд дэх биткойны үлдэгдэл олборлолтын санхүүжилтээс болж 2025 оны 1-р сараас хойш 21%-иар буурч зөвхөн 155,472 ширхэг үлдээд байгаа ажээ.


Эх сурвалж:

https://www.cryptotimes.io/2025/07/02/stable-launches-first-ever-layer-1-stablechain-with-usdt/

https://www.coindesk.com/business/2025/06/26/tether-seeks-more-active-role-at-juventus-after-buying-over-10-of-soccer-club

https://cointelegraph.com/news/less-than-15-bitcoin-left-on-crypto-exchanges-signals-supply-problem


Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “Шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногийн өдийд “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 74 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 73 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй байна.

Биткойны үнэ

Биткойны үнэ Пүрэв гарагийн 11:31 цагийн байдлаар 108,738 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 0.83%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.52%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 2.1 триллион ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 65.22% байна.

Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.

Биткойны үнийн 7 хоногийн чарт

 

Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Пүрэв гарагийн 11:36 цагийн байдлаар 2,567 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 3.21%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 5.81%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 310 тэрбум ам.доллар байна. Крипто зах зээлд эзлэх доминанс буюу хувийн жин нь 9.34% байна.

Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт

 

Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.