Coinbase биржээс гаргасан “Крипто 2025 оны байдлаар” тайланд дурдсанаар Fortune 500-д дурдсан компаниудын 60% нь блокчейн болон тархсан бүртгэлийн технологи (distributed ledger technology)-д хөрөнгө оруулж, бодит хэрэглээ (adoption)-нд нэвтрүүлж эхэлсэн тухай өгүүлжээ. Энэ тоо өнгөрсөн жилд 47% байсантай харьцуулахад жилийн дотор АНУ-ын томоохон компаниудын блокчэйн хэрэглээ эрс өссөн байна.
Хэдхэн жилийн өмнө туршилтын түвшинд байсан энэхүү технологи одоо томоохон компаниудын стратегийн гол хэсэг болж, төлбөр тооцоо, нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгийн удирдлага, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон салбарт бодит үр өгөөжөө өгч эхэлжээ. Блокчейн зөвхөн технологийн эсвэл санхүүгийн компаниудын хэрэгсэл байхаа больж, автомашин, эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо, зугаа цэнгэлийн салбаруудад ч өргөн хэрэглэгдэж эхлэв.
Үүнтэй зэрэгцэн токенжуулалт буюу бодит хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хувиргах хандлага эрчимтэй нэмэгдэж, шинэ орлого, илүү хурдан гүйлгээ, ил тод байдал зэргийг бий болгож байна. Гэхдээ энэ нь мөн шинэ сорилтуудыг авчирч байгаа бөгөөд компаниудын хувьд аюулгүй байдал, хууль зүйн зохицуулалтыг давах нь зайлшгүй шаардлага болжээ. Coinbase-ийн дээрх тайланд дурдсанаар Fortune 500 компанийн 90 хувь нь блокчейнийг бүрэн нэвтрүүлэхэд хамгийн том саад нь тодорхой бус хууль эрх зүйн орчин гэж хариулсан байна.
GAMESTOP ДАХИН ХӨРӨНГӨ БОСГОЖ БИТКОЙН АВНА
Видео тоглоом худалдаалдаг Америкийн GameStop компани $1.75 тэрбумын хувьцаанд хөрвөх боломжтой өрийн бичиг хөрөнгө оруулагчдад санал болгох замаар ахин биткойн худалдан авахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв.
GameStop компани 2025 оны 3-р сарын 25-нд гаргасан мэдэгдэлдээ тус компанийн ТУЗ биткойныг худалдан авч нөөцлөх тухай шийдвэр гаргасан тухай дурдсан. Энэхүү бодлогын хүрээнд тус компани өнгөрсөн 5 дугаар сард 500 сая ам.доллараар 4,710 ширхэг биткойн худалдан авсан билээ.
BYBIT ШИНЭ ХАЙБРИД КРИПТО БИРЖ ТАНИЛЦУУЛАВ
Bybit компани Solana сүлжээнд суурилсан шинэ төвлөрсөн бус бирж болох “Byreal”-ийг танилцуулав. Энэхүү шинэ платформ нь төвлөрсөн (CEX) болон төвлөрсөн бус (DeFi) арилжааны давуу талуудыг хослуулсан “эрлийз” бирж юм. Тус бирж нь 2025 оны 6 дугаар сарын 30-нд туршилтын хувилбараа, 3 дугаар улиралд үндсэн хувилбараа зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Byreal нь Solana сүлжээний өндөр хурд, хямд шимтгэлийг ашиглан RFQ ба CLMM технологийг нэвтрүүлснээр гүйлгээний зөрүүний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. Мөн Byreal бирж нь Bybit биржийн захиалгын төвлөрсөн сантай холбогдсоноор хэрэглэгчдэд төвлөрсөн биржийн ханшны хөрвөх чадвар, төвлөрсөн бус биржийн ил тод байдал, хяналтыг хэрэглэгчиддээ санал болгох ажээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Solana койны ханш 8%-иар өссөн нь дээрх мэдээг зах зээл эерэгээр хүлээн авсныг илтгэж байна. Bybit нь өмнө нь Web3 төслүүдээ хааж, төвлөрсөн бус арилжааны чиглэлд илүү анхаарч буйгаа харуулсан бол Byreal нь Solana экосистем дэх өрсөлдөөнд хүчтэй тоглогч болон орж ирэх магадлалтай байна.
ҮНЭТ ЦААСНЫ ХОРОО ХУУЧИН ДАРГЫНХАА ҮЕД ГАРГАСАН ЗАРИМ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
АНУ-ын Үнэт цаасны хороо өмнөх дарга Гэри Генслерийн үед боловсруулсан криптовалюттай холбоотой хэд хэдэн журамд албан ёсоор өөрчлөлт оруулахаар шийдсэн тухайгаа 2025 оны 6-р сарын 12-ны өдөр мэдэгдэв. Төвлөрсөн бус биржүүд болон криптовалютын кастодианы үйлчилгээ үзүүлэгчдэд зориулан гаргасан журмууд нь харьцангуй хатуу журмуудад тооцогдож байсан бөгөөд крипто коммюнитигийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.
Эх сурвалж:
https://www.halborn.com/blog/post/60-percent-of-fortune-500-companies-are-adopting-blockchain
https://cointelegraph.com/news/bybit-launch-advanced-solana-based-dex-byreal
https://www.theblock.co/post/358017/sec-scraps-gensler-era-defi-exchange-custody-rule-proposals
КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “саармаг”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногт “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 72 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 52 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос илүү гутранги болсон байна.
БИТКОЙНЫ ҮНЭ
Үнэ яагаад унав?
Биткойны үнэ Лхагва гарагийн 12:12 цагийн байдлаар 105,227 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 3.97%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.24%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 2,09 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн чарт
ЭТЭРИУМИЙН ҮНЭ
Этэриумийн үнэ Лхагва гарагийн 12:13 цагийн байдлаар 2,532 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 9.18%-ийн уналттай, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2.78%-ийн уналттай зах зээлийн үнэлгээ нь 305 тэрбум ам.доллар байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн чарт
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.