CIRCLE IPO ХИЙВ
Circle Internet Group (USDC стэйблкойны эзэмшигч) Нью-Йоркын Хөрөнгийн бирж дээр 2025 оны 6-р сарын 5-нд IPO хийж гарав. Тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 31 ам.доллар байсан бөгөөд хөрөнгийн бирж нээгдэхэд $61 ам.долларын нэгж үнээр арилжаалагдаж эхэлсэн байна. Улмаар хувьцааны үнэ 103.75 ам.доллар болтлоо өссөн бөгөөд 83.23 ам.долларын үнээр хаагдсан байна.
Circle-ийн IPO нь Coinbase биржийн 2021 оны IPO-ноос хойших хамгийн том IPO болж байгаа бөгөөд стэблкойн гаргасан компаниуд дотроо хамгийн анхных нь болж байна. Дээрх мэдээ нь биткойн болон алткойнуудын үнэд эерэгээр нөлөөлөв.
Товч дүгнэлт
ДУБАЙН ҮЛ ХӨДЛӨХ САЛБАРЫН БОРЛУУЛАЛТЫН ҮНИЙН ДҮН 18,2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Дубайн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх борлуулалтын хэмжээ 2025 оны 5-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44%-иар өсч, нийт 66.8 тэрбум дирхам буюу ойролцоогоор 18.2 тэрбум долларт хүрсэн нь рекорд тогтоожээ. Өнгөрсөн 5 дугаар сард нийт 18 700 орчим гүйлгээ үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдсэн байна. Дубай хотод үл хөрөнгийн зах зээлийн салбар ийнхүү эрчимтэй хөгжиж байгаагийн нэг шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийг токенжуулах процесс (RWA) тус хотод идэвхтэй явагдаж буйтай холбоотой. Тухайлбал
Дубай хот нь Ази тивдээ анх удаа төрийн зохицуулалтаар үл хөдлөх хөрөнгийг токенжуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал тус хотын Газрын алба Prypco Mint платформоор дамжуулан үл хөдлөх хөрөнгийг блокчэйн дээр бүртгэх туршилтын төслийг өнгөрсөн 5 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн байна. Энэхүү санаачилгын хүрээнд хөрөнгө оруулагчид ердөө 2,000 дирхамаар Дубайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг худалдан авах боломжтой болох ажээ.
Түүнчлэн Дубайн MultiBank Group болон үл хөдлөх хөрөнгийн томоохон компани MAG болон блокчэйн технологи нийлүүлэгч Mavryk нар 3 тэрбум ам.долларын үнэ бүхий бодит хөрөнгийг токенжуулах (RWA)‑ын гэрээнд 2025 оны 5-р сарын 1-нд гарын үсэг зурсан байна. Энэ гэрээний хүрээнд MAG компанийн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг блокчэйн дээр бүртгэгдэж, зохицуулалттай RWA зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгох боломжтой болно.
Дубайн криптовалютын зохицуулагч байгууллага болох Виртуал хөрөнгийн зохицуулалтын газар (VARA) бодит хөрөнгийг токенжуулах тухай заалтуудыг багтаасан шинэчилсэн журмыг 2025 оны 5-р сарын 19-нд мөн гаргажээ.
Үл хөдлөх хөрөнгийг токенжуулах гэдэг нь үл хөдлөх хөрөнгийг жижиг хэсгүүдэд хувьцаа шиг хуваадаг бөгөөд ингэснээр илүү олон хөрөнгө оруулагчид эзэмших боломж бүрддэг байна. 2033 он гэхэд Дубай хот нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнхээ 7%-ийг токенжуулах урт хугацааны зорилт тавиад ажиллаж байна.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛЬ САНААЧЛАВ
Өмнөд Солонгосын Ардчилсан Нам Цахим хөрөнгийн үндсэн хууль (“Digital Asset Basic Act”)-ийн төслийг өчигдөр буюу Мягмар гарагт танилцуулжээ. Уг хуулийн дагуу дотоод компаниудад стейблкойн гаргах эрхийг хуульчлан олгох юм. БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Lee Jae-myung-ийн крипто салбарт хийж буй чухал алхмуудын нэг нь уг хууль болж байна. Уг хуулийн дагуу стэблкойн гаргах дотоодын компаниуд нь дор хаяж 367,000 ам.долларын хөрөнгөтэй байх ёстой ажээ. Энэ хууль нь цахим хөрөнгийн салбар дахь ил тод байдлыг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилготой хэмээн хууль санаачлагч эрх баригч намынхан мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
https://arizonadigitalfreepress.com/stablecoin-giant-circles-shares-surge-in-blowout-nyse-debut/
https://cointelegraph.com/news/dubai-real-estate-sales-tokenization-boom-may-2025
https://www.ledgerinsights.com/dubai-government-launches-tokenized-real-estate-platform/
https://cryptonews.com/news/south-korea-unveils-digital-asset-bill-allowing-stablecoin-issuance/
КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙ
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногт “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 64 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 71 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос илүү өөдрөг болсон байна.
БИТКОЙНЫ ҮНЭ
Биткойны үнэ Лхагва гарагийн 15:01 цагийн байдлаар 109,471 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 3.81%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 3.56%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 2,17 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн чарт
ЭТЭРИУМИЙН ҮНЭ
Этэриумийн үнэ Лхагва гарагийн 15:01 цагийн байдлаар 2,674 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 2.08%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 7.28%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 322 тэрбум ам.доллар байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн чарт
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.