RIPPLE CIRCLE-ийг худалдан авах санал тавив
Ripple Labs Circle-ийг 5 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан ч Circle дээрх саналыг хэтэрхий бага байна гэсэн шалтгаанаар татгалзсан байна.
Circle нь USDC стэблкойныг гаргасан бөгөөд тус койн нь өдгөө стэблкойны зах зээлийн 25%-ийг эзэлдэг. Circle компани хувьцаагаа олон нийтэд гаргах (IPO) ажилдаа анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ зорилгодоо JPMorgan Chase болон Citi компаниудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Гэсэн хэдий ч АНУ-ын худалдааны бодлогоос үүдсэн нөхцөл байдлаас хамаарч IPO хийх ажлаа түр хойшлуулаад байгаа аж. Дашрамд дурдахад тус компани Абу Даби-д үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө өнгөрсөн долоо хоногт авсан байна.
Ripple нь олон улсын төлбөр тооцоог блокчэйн дээр тулгуурлан хурдан, хямдхан хийх, стэблкойны зах зээлийн томоохон тоглогч болох, XRP ledger-ийг стэблкойн гаргахад зориулсан өрсөлдөхэйц layer-1 платформ болгох зорилго тавин ажиллаж байна. Тус компани өнгөрсөн сард 1,25 тэрбум ам.доллараар прайм брокер Hidden road-ийг худалдан авсан билээ.
TELEGRAM 500 сая ам.долларын тон дээр 500 сая-ийн сан үүсгэв
Telegram компанийн The Open Network (TON) блокчэйн дээр гаргасан 500 сая ам.долларын үнэ бүхий бондыг токенжуулах төлөвлөгөөгөө танилцуулав.
Ингэснээр байгууллагын хөрөнгө оруулагчид анх удаа Telegram компанийн гаргасан нийт 2,4 тэрбум ам.долларын үнэ бүхий бондуудыг төвлөрсөн бус блокчэйн платформоор дамжин худалдан авах боломжтой болно. Хөрөнгө оруулагчид бондоор баталгаажсан токеныг авснаар зээлийн барьцаа хэлбэрээр ашиглах, зээл авах, зээл өгөхөд ашиглах, мөн хадгалуулж хүү авах боломжтой болох ажээ.
Бодит хөрөнгийг токенжуулах зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд блокчэйн дээрх токенжсон бодит хөрөнгийн хэмжээ 2024 онд 15 тэрбум орчим ам.доллар байсан бол 2025 онд 50 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамагтай байна. Токенжсон бодит хөрөнгийн сагсанд эзлэх бондуудын хувийн жин бага байна. Librе компани өмнө нь 200 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг токенжуулж байсан юм.
Өмнөд солонгосын эрх баригч намын сонгуулиас өмнөх амлалт
Өмнөд Солонгосын эрх баригч Ард түмний хүч нам энэ 6-р сарын 3-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө криптовалютыг дэмжсэн бодлогын шинэ байр сууриуд, саналаа танилцуулав. Тухайлбал арилжааны банкууд крипто биржүүдтэй хамтран ажиллахыг хориглосон хязгаарлалтыг хүчингүй болгох, уламжлалт, бодит хөрөнгийг токенжуулах явдлыг эрх зүйн хүрээнд дэмжих, түүнчлэн спот үнэ дагадаг ETF сангуудыг байгуулах гэх мэт саналууд оржээ.
Өмнөд Солонгос Улс нь Luna койны залилан зэргээс болоод крипто салбар дахь мөнгө угаалт, залилангийн эсрэг сүүлийн жилүүдэд хууль, дүрмээ ихэд чангатгасан билээ.
Дубайн гэр бүл 8.8 тэрбум ам.доллараар малдивыг блокчэйн хаб болгоно
Бал сар, тансаг амралт зугаалгаараа алдартай Малдив улс нь крипто хаб болох алхмаа хийж эхлэв.
Дубайд төвтэй гэр бүлийн хөрөнгө оруулалтын компани MBS Global Investments Малдивт блокчэйнд суурилсан санхүүгийн хаб үүсгэх зорилгоор тус улсын Засгийн газартай хамтарсан компани байгуулж байгаа ажээ. Энэ хүрээнд ирэх 5 жилийн хугацаанд нийт 8,8 тэрбум ам.долларын хөрөнгийг оруулна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь Малдивын хувьд “ус агаар” шиг хэрэгтэй бөгөөд нэгд эдийн засгаа солонгоруулах, хоёрт ДНБ-ээс нь давсан гадаад өрийн дарамтаас түр ч гэсэн гарахад нь тустай ажээ. Малдивийн ДНБ-ий хэмжээ 7 тэрбум орчим ам.доллар харинн гадаад өрийн хэмжээ нь 8,2 тэрбум ам.долларт хүрээд байгаа ажээ.
Эх сурвалж:
https://www.binance.com/en/square/post/23626233741249
https://cryptoadventure.com/circle-wins-regulatory-nod-from-abu-dhabi-watchdog-as-usdc-hits-62b/
Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC болон ETH, алткойнуудын хувийн жин (dominance)
Крипто зах зээлийн сэтгэл зүй
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногт “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 56 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 67 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос сайжирсан байна.
Биткойны үнэ
Биткойны үнэ Лхагва гарагийн 10:23 цагийн байдлаар 97,059 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 2%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 2,24%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 1,914 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн чарт
Этэриумийн үнэ
Этэриумийн үнэ Лхагва гарагийн 10:24 цагийн байдлаар 1,830 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 1,26%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1,30%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 220,1 тэрбум ам.доллар байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн чарт
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.