Буцах
2025-05-02

Тether компани 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулав

TETHER-ийн цэвэр ашиг эхний улиралд 1 тэрбум ам.дол хүрэв

Дэлхийн стэблкойны зах зээлийн хамгийн том тоглогч USDT-г үүсгэсэн Тether компани 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулав. Ам.доллартай 1:1-ийн итгэлцүүрээр ханш нь тогтдог USDT стэблкойны зах зээлийн үнэлгээ нь 5-р сарын 1-ний өдрийн байдлаар 149 тэрбум ам.доллар байгаа бөгөөд Circle компанийн USDC-гийн хамтаар нийт стэблкойны зах зээлийн 87%-ийг эзэлж байна. 

Өнөөдөр зах зээлд нийт 148.6 тэрбум USDT эргэлдэж байгаа бөгөөд энэхүү нийлүүлэлтийн ард төдий хэмжээний ам.доллар болон ам.доллараар баталгаажсан үнэт цаас, өрийн бичгээр үнэ цэнэ нь хадгалагдаж байдаг. Тухайлбал дээрх санхүүгийн тайланд бичсэнээр тус компанийн хөрөнгөд нийт 120 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-ын Засгийн газрын бонд багтсан байна. Оны эхний улиралд зах зээлд эргэлдэж буй нийт USDT-ийн хэмжээ 7 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. USDT-ийн үнэ цэнийг хадгалах зорилгоор хадгалж буй хөрөнгө нь 5,6 тэрбум ам.доллараар илүү байгаа бөгөөд энэхүү илүүдэл хөрөнгөөс 2 тэрбум ам.долларыг нь сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, мэдээллийн сангийн дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахаар Tether компани төлөвлөсөн байна.  Дээрх санхүүгийн тайлангийн дагуу тус компани оны эхний улиралд 1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. 


КИРГИЗСТАН крипто хаб хөгжүүлж байна

Киргиз улс Төв азийн бүс нутгийн крипто хаб болохоор идэвхтэй ажиллаж байна. Энэ хүрээнд тус улс цахим хөрөнгийн хууль журмаа боловсронгуй болгож байгаа ажээ. Тухайлбал анх койн, токеныг зах зээлд гаргахаас авахуулаад крипто бирж ажиллуулах дүрэм журмыг цогцоор нь боловсруулж байна. Энэ чиглэлд хийж буй бодитой ажлуудын нэг бол дотоодын Old Vector хэмээх компани A7A5 хэмээх ОХУ-ын рублээр баталгаажсан стэблкойныг тус улсын өнөөгийн хууль дүрмийн хүрээнд Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаргасан явдал юм. Тус токеныг дотоодын Meer крипто бирж дээр гаргасан бөгөөд ирээдүйд төвлөрсөн бус биржүүд дээр гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тус стэблкойныг стейкинг хийснээр хэрэглэгчид жилийн 20 хүртэлх хувийн өгөөж хүртэх боломжтой болж байна.  


CANTOR FITZGERALD MICROSTRATEGY-тай өрсөлдөнө

АНУ-ын одоогийн Худалдааны сайд Howard Lutnick-ийн хүү Brandon Lutnick аавынхаа компани болох Cantor Fitzgerald-ыг удирдах болсон билээ. Cantor Fitzgerald компани нь Tether компанийн USDT стэблкойныг дэмжсээр ирсэн бөгөөд USDT-ийн үнэ цэнийн баталгаа болсон АНУ-ын Засгийн газрын бондуудыг арилждаг, удирддаг крипто салбарын томоохон тоглогч юм.

Brandon Lutnick биткойн худалдан авах зорилго бүхий Twenty-One хэмээх шинэ компанийг байгуулж буйгаа олон нийтэд өнгөрсөн долоо хоногт зарлав. Тус компанийг Tether, Softbank, Strike-ийг үүсгэн байгуулагч Jack Mallers-ийн оролцоотойгоор үүсгэн байгуулж байгаа ажээ. Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Jack Mallers томилогдож байгаа бөгөөд компанийн нэрийг биткойны нийт нийлүүлэлтийн хэмжээ болох 21 сая-аар бэлгэдэж өгчээ.    

Twenty-One нь 42,000 ширхэг биткойныг зах зээл дээрээс худалдаж авах замаар сан бүрдүүлэх бөгөөд уг худалдан авалтыг хийхийн тулд 585 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай ажээ. Энэхүү хөрөнгийн 385 сая ам.долларыг нь хувьцаанд хөрвөх өрийн бичиг гаргах замаар харин үлдсэн 200 сая ам.долларыг PIPE санхүүжилт буюу хувийн хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх ажээ. Тус компанийн энэхүү амбиц нь Twenty One-ийг Michael Saylor-ийн MicroStrategy компанийн шууд өрсөлдөгч болгож байна.  


Эх сурвалж:

How Tether-backed Twenty One plans to rival MicroStrategy

Tether posts $1B in Q1 operating profit, $5.6 billion excess in reserves

Tether USDt price today, USDT to USD live price, marketcap and chart | CoinMarketCap

Kyrgyzstan is developing its own crypto hub: A7A5 stablecoin listed on the regulated exchange Meer Exchange


Крипто зах зээлийн үнэлгээ ба BTC болон ETH, алткойнуудын хувийн жин (DOMINANCE)


Крипто зах зээлийн сэтгэл зүй

Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “шунал”-ын төлөвт байна. Өмнөх долоо хоногт “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 60 буюу “шунал” гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 67 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй өмнөх долоо хоногоос бага зэрэг дээрдсэн байна. 



Биткойны үнэ

Биткойны үнэ Баасан гарагийн 10:31 цагийн байдлаар 97,008 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 4,05%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,08%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 1,92 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 

Биткойны үнийн 7 хоногийн чарт



Этэриумийн үнэ

Этэриумийн үнэ Баасан гарагийн 10:32 цагийн байдлаар 1,847 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 5,35%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1,98%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 223,1 тэрбум ам.доллар болж буурсан байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу. 

Этэриумийн үнийн 7 хоногийн чарт


Анхааруулга

Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.