Буцах
2024-12-23

Крипто зах зээл 2025 оны төлөв

Крипто зах зээл 2025 оны төлөв

2024 он крипто зах зээлийн их өсөлтийн жил байлаа. Биткойн өсөлтөөрөө хувьцаа, бонд, алт гээд бүгдийг нь ардаа орхив. 2023 оны амжилтаа давтав. 2024 он гарахад 42,000-43,000 ам.доллар байсан биткойн энэ 12-р сард 108,000 ам.доллар хүртлээ буюу 140%-ийн өсөлтийг үзүүлэв. Энэхүү өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлснийг та бүгд мэдэж байгаа. Тухайлбал спот биткойны ETF-үүдийн тусгай зөвшөөрлийг АНУ-ын Үнэт цаасны хороо 1-р сард өгсөн, 4-р сард биткойн халвинг болсон, 9-р сард Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын төв банк бодлогын хүүг 0,50%-иар бууралсан нь сүүлийн 4 жил гаруй болоогүй үйл явдал болов. Түүнчлэн 11-р сард Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Хамгийн сүүлд Үнэт цаасны хорооны шинэ даргаар криптод ээлтэй Пол Аткинс сонгогдсон ч бас үнийн өсөлтөд нөлөөлөв.  

Тэгвэл 2025 онд крипто зах зээлд дор дурдсан зүйлс болох магадлалтай талаар шинжээчид онцолж байна. Үүнд:

АНУ биткойны стратегийн нөөц бүрдүүлэх үү?

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп “биткойны стратегийн нөөц” бүрдүүлэх тухай санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь төв банкууд алт нөөцөлдөг шиг биткойны худалдан авах замаар биткойны нөөц бүрдүүлэх тухай ойлголт юм. Биткойн нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ хадгалдаг хөрөнгө гэдэг утгаараа инфляцийн нөлөөгөөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ унасан ч биткойны үнийн өсөлттэй баланслагдаж, эцэстээ хөрөнгийн хувьд алдагдал хүлээхгүй байх тухай асуудал юм. АНУ-ын төсөв ихээхэн алдагдалтай (2023 оны төсвийн алдагдал 1,7 триллион ам.доллар) бөгөөд тус улсын засгийн газрын нийт өр 33 триллион ам.долларыг даваад байгаа. Иймд улсыг өрийн дарамтаас цаашид хамгаалахын тулд үнэ цэнээ хадгалдаг биткойн аван, нөөцлөх тухайг саналыг тус улсын Сенатын зарим гишүүд ярьж буй. Ерөнхийлөгч Д.Трамп албан ёсоор ажлаа авсны дараа энэхүү санаачлага бодит ажил хэрэг болох магадлалтай бөгөөд хэрэв ингэж чадвал биткойны үнэ огцом өсөх магадлал өнөр байна. Ихэнх шинжээчдийн үзэж буйгаар биткойны өсөлтийн тренд ирэх 2025 онд үргэлжлэх бөгөөд оны эцэс гэхэд нэгж биткойны үнэ 200,000-250,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.  

Хэрэв АНУ биткойны нөөц бүрдүүлэхээр болбол Хятад, ОХУ, Энэтхэг зэрэг том орнууд мөн адил нөөц бүрдүүлэх бөгөөд ингэснээр биткойны эрэлт ихсэх нь маргаангүй. Binance биржийг үүсгэн байгуулагч CZ хэлэхдээ “Хэрэв бусад улсууд биткойны нөөц бүрдүүлээд эхэлбэл криптоюалютыг хориглосон Хятад хүртэл биткойны стратегийн нөөцийг дагаад бүрдүүлнэ” хэмээн хэлжээ.

Жижиг улсуудын хувьд Эл Салвадорын жишгээр Тонга, Парагуай, Панам зэрэг улсууд нь биткойныг албан ёсны төлбөр тооцооны хэрэгсэл, мөнгөн тэмдэгтээр хүлээн зөвшөөрөхөө илэрхийлээд байна. Цаашдаа энэ хандлага 2025 онд үргэлжлэнэ гэж таамаглаж байна.  

Томоохон компаниуд бас биткойны нөөц бүрдүүлнэ

Улс орнуудаас гадна АНУ-ын технологийн салбарын томоохон компаниуд болох FAANG (Facebook, Apple, Amazon, Netflix, Google) мөн биткойны нөөц бүрдүүлэх магадлал өндөр байна. Амазон, Микрософт гэх томоохон компаниудын хувьцаа эзэмшигчид биткойны нөөц бүрдүүлэх талаар аль хэдийн төлөвлөгөө гаргаад эхэлсэн. Жишээ нь Микрософтын хувьцаа эзэмшигчид биткойныг өөрийн хөрөнгөд албан ёсоор бүртгэх тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг хэлэлцээд татгалзсан ч гэсэн энэ нь томоохон компаниуд биткойн руу FOMO-рох хандлага бий болсныг харуулж байна. 

Крипто салбарын хууль эрх зүйн орчин илүү таатай, тодорхой болно

Сүүлийн хэдэн жил крипто салбар дахь эрх зүйн зохицуулалт бүрхэг, хамгийн том нөлөө бүхий зах зээл болох АНУ-ын хууль тогтоох байгууллагууд болон засгийн газрын зүгээс крипто салбарт харьцангуй “ээлгүй” бодлого баримталж ирсэн. Харин өнгөрсөн 11-р сард болсон сонгуулиар АНУ-ын Конгрессийн 2 танхимд Бүгд найрамдах нам олонхи болсон бөгөөд криптог дэмждэг гишүүд ийнхүү олонхи болов. Энэ нь крипто салбарын эрх зүйн зохицуулалт АНУ-д илүү эерэг болохын дохио гэж харж байна.

Тайлбар: АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхим дахь гишүүд. Хөх өнгө нь криптог дэмждэг, хар өнгө нь дэмждэггүй гишүүдийг илэрхийлнэ. Мэдээний эх сурвалж: Coinbase бирж 

Алткойнуудын ETF-үүд шинээр гарна

2024 онд биткойн болон этэриумийн биржээр арилжаалагддаг сан (ETF)-үүд тусгай зөвшөөрлөө авч хөрөнгийн зах зээлд гарсан нь крипто зах зээлийн хувьд түүхэнд тэмдэглэхээр томоохон үйл явдал болсон билээ. Харин ирэх 2025 онд нэмээд SOL, XRP, LTC зэрэг койнуудын ETF гаргах хүсэлтүүд батлагдах магадлал өндөр байна.

Бодит хөрөнгийг токенжуулах тренд үргэлжилнэ

Санхүүгийн уламжлалт салбар болон блокчэйн технологи гэсэн шинэ салбар огтлолцох нэгэн салбар бол бодит хөрөнгийг токенжуулах билээ. Энэхүү тренд 2025 онд улам бүр эрчимжинэ гэж таамаглаж байна.Тухайлбал үл хөдлөх, таваар, уран зураг гэсэн бодит хөрөнгүүдийн өмчлөл блокчэйнд суурилсан токен руу шилжих бөгөөд ингэснээр хөрөнгийг өмчлөл олон хуваагдаж, илүү олон хүнд тархах нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Стэблкойны зохицуулалт илүү боловсронгуй болно 

Стэблкойнуудын жилийн арилжааны эргэлт 1 триллион ам.доллар ч эрх зүйн зохицуулалт нь төдийлөн сайн биш байсаар байна. 2025 онд АНУ-ын хууль тогтоох байгууллага стэблкойны хууль, тогтоомжоо илүү тодорхой, боловсронгуй болгох төлөвтэй байна. Ингэснээр стэблкойны хэрэглээ финтек болон уламжлалт банкны системд илүү өргөнөөр тархах нөхцөл бүрдэнэ. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын томоохон банкууд болох JPMorgan, Citi гэх мэт банкууд өөрсдийн стэблкойныг гаргах нөхцөл бүрдэх бөгөөд банкуудын төлбөр тооцоо, гүйлгээ стэблкойноор блокчэйн дээр хийгдсэнээр илүү хурдан, найдвартай болгох юм. Зарим шинжээчдийн таамаглаж буйгаар 2025 оны эцэс гэхэд 150 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий стэблкойны зах зээлийн 30%-ийг банкууд эзэмших ажээ.

 

Эх сурвалж:

 

Crypto 2025: What Lies Ahead After 2024's Milestones? | CoinGecko

10 Crypto Predictions For 2025 - Nations, Corporations, Regulations

Year-ender 2024: Bitcoin and altcoins break records, leaving stocks and gold behind - The Economic Times

Senate Election 2024 Live Results: Republicans Take Control


Өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Ж.Пауэлийн өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдлийн дараа биткойны үнэ 100,000 ам.доллараас доош унав. Хэдийгээр төв банк бодлогын хүүг 0.25%-иар бууруулсан ч гэсэн Ж.Пауэл ирэх жил инфляцийн түвшин буурахгүй дүр зураг харагдаж байгаа тул бодлогын хүүг ирэх онд бууруулах эсэх нь макро эдийн засгийн статистик мэдээнээс хамаарна гэж хэлсэн нь зах зээлд “өөдрөг бус” дохиог өгөв. Ирэх оны дүр зургийн талаар “таатай бус” мэдээ сонссон хөрөнгө оруулагчид хөрөнгөө зарж эхэлсэн нь үнэ унах шалтгаан болов. Зарим шинжээчдийн таамаглаж буйгаар Холбооны нөөцийн сан ирэх онд бодлогын хүүг 2 удаа бууруулна гэж таамаглаж байна. Энэхүү үнийн уналт одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Даваа гарагийн 09:09 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 94,366 ам.доллар байна. Дээрх мэдээ гарахаас өмнө буюу Мягмар гарагт биткойны үнэ 108,400 ам.дол хүртлээ өссөн үеэс ийнхүү 14.7% унаад байна.  

Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?

Зах зээлийн сентимент одоогийн буюу Даваа гарагийн байдлаар 70 буюу “шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (83) буюу “хэт шунал”-ын төлөвт байсантай харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй илүү гутранги болсон байна. 

Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн, этэриумийн хувийн жин

Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.

Крипто үнэ

Даваа гарагийн 09:00 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 94,404 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 10.56%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 2,90% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:01 цагийн байдлаар 1,8 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 58.87% байна.

Харин этэриумийн хувьд үнэ нь Даваа гарагийн 09:28 цагийн байдлаар 3,255 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 18,50%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 3.09%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 09:06 цагийн байдлаар 392,4 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 12.35% байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.

Эх сурвалж:

Bitcoin falls to $100,000 following hawkish FOMC despite 25bp rate cut

Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap

Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!