27 ам.долларыг 52 сая болгосон meme токен арилжаа
Криптовалютын судалгаа хийдэг Lookonchain-ий 12-р сарын 14-ний өдрийн жиргээнд 600 өдөр огт хөдөлгөөн хийгээгүй, унтаа байсан нэгэн крипто хаяг гэнэт сэрж нийт 2,1 триллион Pepe токен-оо шинэ хаяг руу шилжүүлсэн байна. Тэрхүү 2,1 триллион Pepe токен өнөөдөр 52 сая орчим ам.доллараар үнэлэгдэх бөгөөд уг арилжаачин 27 ам.доллараар хийсэн анхны хөрөнгө оруулалтаа 1,900,000 дахин өсгөсөн байна.
Pepe токен нь ямар нэгэн асуудал шийддэггүй “meme” токен бөгөөд ийм төрлийн токенууд нь олон крипто саятнуудыг төрүүлсэн юм. Тухайлбал энэ 5-р сард бас нэгэн крипто арилжаачин 3000 ам.долларыг тус койнд оруулж 46 сая ам.доллар хүртэл өсгөсөн байна. Pepe токен нь 1,623%-ийн өсөлтөөрөө энэ жил топ 100 криптовалютаас 2-р байрт орж байна.
Харин энэ онд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн токеноор Mantra (OM) 16,516%-ийн өсөлттэйгээр тэргүүлснийг доорх зургаас харна уу.
Биткойны тухай сонирхолтой 10 баримт
Биткойн өнөөдөр буюу 12-р сарын 16-ны өдрийн өглөө 106,600 ам.доллар хүрч бүх цаг үеийн дээд үнээ шинэчлэн тогтоов. Энэ удаа биткойны талаарх 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Хэн зохиосон нь тодорхойгүй
Биткойныг Сатоши Накамото гэх нууц нэрээр хэн нэгэн хувь хүн эсвэл бүлэг хүн бий болгосон. Уг койны зохиогчийнх нь талаар олон цуу яриа байдаг ч жинхэнэ бүтээгч нь өнөөг хүртэл нууцлаг хэвээр байна.
2. Хамгийн анхны гүйлгээ
Биткойныг ашиглан хамгийн анх гүйлгээ хийгдсэн нь 2010 онд програмч Laszlo Hanyecz 10,000 ширхэг биткойн ашиглан 2 ширхэг пицца захиалсан явдал байлаа. Өнөөдөр (12-р сарын 16-ны өдөр)-ийн үнээр 10,000 биткойн нь 1,053,230,000 ам.доллар буюу тэрбум долларын үнэлгээ даваад байна.
3. Тогтмол тоогоор хийгдсэн
Биткойн анх хийгдэхдээ 21 сая ширхэгээр л хийгджээ. Эцсийн биткойн 2140 онд олборлогдож дуусах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс цааш биткойны нэг ч блок шинээр бий болохгүй.
4. Цахим алт
Биткойныг цахим алт гэж үздэг. Учир нь биткойн бол алт шиг ховор бөгөөд үнэ цэнээ алддаггүй, хадгалагддаг гэж үздэг.
5. Төвлөрсөн бус сүлжээ
Биткойн нь ямар нэгэн улс орон, засгийн газрын нөлөөгүйгээр бие даан, төвлөрсөн бус хэлбэрээр ажилладаг бөгөөд биткойны блокчэйн сүлжээ нь дэлхий даяар дархсан нодууд болон олборлогчдын тусламжтайгаар оршиж байдаг.
6. Биткойн халвин
4 жил тутамд биткойны халвин болдог бөгөөд энэ үеэр олборлогчдод биткойны блок олборлосных нь төлөө өгдөг урамшууллын хэмжээ хагаслагддаг. Энэ нь биткойны эрэлтийг улам ихэсгэдэг бөгөөд эрэлт ихсэж нийлүүлэлт багассанаар үнэ нь өсч иржээ.
7. Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө
Биткойн олборлоход маш их хэмжээний эрчим хүч зарцуулдаг бөгөөд үүнийг зарим жижиг улс, орны эрчим хүчний хэрэглээтэй жишиж болно. Эрчим хүчний шинэ, сэргээгдэх эх үүсвэрүүдийг биткойн олборлоход ашиглах замаар биткойн олборлолтын салбарт инноваци нэвтэрч байна.
8. Хамгийн анхны криптовалют
Биткойн бол 2009 онд үүссэн, хамгийн анхны криптовалют билээ. Түүнээс хойш олон мянган койн, токенууд үүссэн байна. 2024 оны 12-р сарын байдлаар нийт 13,217 ширхэг биткойн зах зээлд эргэлдэж байна.
9. Биткойны хамгийн анхны блок
Биткойн блокчэйний хамгийн анхны блок буюу Genesis Block-ийн гүйлгээний утга дээр “The Times 03/Jan/2009 Chancellor on brink of second bailout for banks” гэж бичсэн байна. Үүнийг орчуулбал “The Times сонины 2009 оны 1-р сарын 3-ны дугаарын тэргүүн нүүрт Сангийн сайд банкуудыг хоёрдахь удаагаа аврахаар төлөвлөж байна” гэсэн утгатай бөгөөд 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Их Британийн Сангийн сайд эдийн засгаа аврахын тулд 850 тэрбум орчим фунт стерлингийн мөнгөн тусламжийг дотоодын банкны системд шахсан.
10. Алдагдсан биткойны хэмжээ
Биткойны 20% буюу олборлогдсон нийт биткойны 4 сая гаруй нь үүрд алдагдсан гэж үздэг. Биткойн алдагдах түгээмэл шалтгаануудад эзэмшигч нь нууц үгээ мартсан, компьютер нь эвдэрсэн, эзэмшигч нь нас барсан, зөөврийн хард нь эвдэрсэн ордог. Тухайлбал James Howells гэдэг хүн 7,500 биткойнтой хард дискээ алга болгосон, Сатоши Накамотогийн нэр дээр байдаг 1 сая биткойн одоо хүртэл хөдөлгөөн хийгээгүй байгаа (Магадгүй алга болсон) гэх мэт. Угаасаа цөөхөн тоогоор бүтээгдсэн биткойны хувьд ийм их хэмжээний биткойн алдагдсан гэдэг нь биткойны үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлдэг.
Шинэ стэблкойн төрлөө
АНУ-ын Нью-Йорк мужийн Санхүүгийн зохицуулах хороо Ripple Labs (XRP)-ийн гаргаж буй RLUSD стэблкойнд сүүлийн хэдэн сарын турш судалсны эцэст тусгай зөвшөөрөл олгосон байна. Тус компани стэблкойн гаргана гэдгээ энэ оны 4-р сард анх олон нийтэд зарласан бөгөөд 2028 он гэхэд тус стэблкойны зах зээлийн үнэлгээ 2 триллион ам.долларт хүрнэ гэж Ripple Labs таамаглаж байна.
Өдгөө стэблкойны зах зээлийн хамгийн том тоглогч нь 140,1 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Tether компанийн USDT стэблкойн бөгөөд удаах байрт 42,1 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий Circle компанийн USDC стэблкойн орж байна.
Ripple Labs энэ онд Uphold, Bitstamp, Bitso, Bullish гэх мэт биржүүдтэй стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг үүсгээд байгаа бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Гарлинхаус 12-р сарын 10-ны өдөр жиргэхдээ тус стэблкойныг ямар бирж дээр гаргахаа удахгүй зарлана гэж мэдэгдсэн.
Bitwise: 2025 он бол крипто ipo-гийн жил болно
Дэлхийн хамгийн том крипто индекс сангийн менежер Bitwise хэлэхдээ 2025 онд 1 тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй дор хаяж 5 крипто компани IPO хийнэ гэж мэдэгдэв. Үүнд USDC стэблкойн гаргагч Circle, крипто бирж Кракен, крипто банк Anchorage Digital, крипто анализ, судалгааны Chainanalysis, крипто бирж Figure зэргийг IPO хийнэ хэмээн таамаглаж байгаа ажээ. Крипто зах зээлийн макро орчин сайжирсан, байгууллагын хөрөнгө оруулагчид тус зах зээл рүү олноор орж байгаа, улс төрийн орчин сайжирч байгаа нь крипто салбарын компаниуд ирэх онд IPO хийх магадлалыг нэмэгдүүлж буй тухай Bitwise компанийн 12-р сарын 10-ны өдөр гаргасан “2025 оны крипто салбарын 10 IPO таамаглал” гэсэн тайланд дурдсан байна.
КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА BTC, ETH, АЛТКОЙНУУДЫН ДОМИНАНС
Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу.
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Даваа гарагийн байдлаар 83 буюу “хэт шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (78) буюу “хэт шунал”-ын төлөвт байсантай харьцуулахад өссөн байна.
Крипто үнэ
Даваа гарагийн 11:21 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 104,729 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 5.60%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 2,80% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 11:24 цагийн байдлаар 2 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 57.29% байна.
Харин этэриумийн хувьд үнэ нь Даваа гарагийн 11:28 цагийн байдлаар 3,951 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 0,31%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 2.02%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 11:29 цагийн байдлаар 476,6 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 13.23% байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу. Сүүлийн долоо хоногуудад XRP койны үнэ өссөнөөр зах зээлийн үнэлгээгээр 4 дэх том койн болж BNB койны дээр жагсаж байна.
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!